Wednesday, January 16, 2008

2015 оноос өмнө нефть боловсруулах үйлдвэртэй болно

Манай улс нефть, нефтийн бүтээгдэхүүний хувьд гадаад зах зээлээс 100 хувь хараат байдаг. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсмөгц л Монголд бараа бүтээгдэхүүний өртөг даган нэмэгдэж, үнийн хөөрөгдөлд ард түмэн нь дарлуулдаг. Гадаад ертөнцөөс хараат байдлыг багасгахын тулд манайх ойрын долоон жилд дотооддоо нефть боловсруулах үйлдвэртэй болохыг зорьж байна. Одоогоор тодорхой газруудад туршилтын журмаар нефть олборлож буй бол 2010 оноос албан ёсны ажиллагаа нь эхлэх юм. Өнгөрсөн оны байдлаар дотооддоо 600 мянган баррель нефть олборложээ. Монгол-Кувейтийн Засгийн газар хооронд байгуулах худалдааны хэлэлцээрт тусгасан гол асуудлуудын нэг нь үүнтэй холбоотой. Дээрх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд дэмжив. Үйлдвэр, худалдааны дэд сайд Я.Содбаатараас худалдааны хэлэлцээрийн талаар тодрууллаа.

-Манай хоёр орны хооронд сүүлийн жилүүдэд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. 2007 онд хоёр орны худалдааны эргэлт 1.6 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оныхоос дөрөв дахин их юм. Кувейтийн хөгжлийн сангийн шугамаар Монголд дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Одоо хоёр орны хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, тэр тусмаа газрын тос, түүний томоохон ордуудад Кувейтээс хөрөнгө оруулалт татах чиглэлээр хэлэлцээр хийж байна. Кувейтийн сан, одоо ярьж буй зарим төслийг хэрэгжүүлснээр хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэх учир Засгийн газар хооронд ерөнхий хэлэлцээр байгуулж, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд зарим асуудлаа тохирох шаардлагатай болсон. Кувейтийн Эмир 2007 оны долдугаар сард манай улсад айлчлахдаа уг хэлэлцээрийг баталсан. Одоо УИХ-аар соёрхон батлуулахаар хэлэлцэж байна.

-Газрын тосны салбарт Кувейт улстай хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ. Эх орондоо нефтийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих юм бол түүхий эдээ тус улсаас авах юм уу?
-ҮХЯ газрын тосны бүтээгдэхүүн, нефть хангамжийг сайжруулах үүднээс дотооддоо боловсруулах үйлдвэр барих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Үүний тулд хамгийн түрүүнд түүхий нефть нийлүүлэх байнгын, найдвартай эх сурвалжаа олох ёстой. Доод тал нь нэг сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай байж эдийн засгийн хувьд үйлдвэр хөгжинө. Тиймээс ийм хэмжээний түүхий нефтийн байнгын нөөцтэй болох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Арабын орнуудад, ялангуяа Кувейт улсад айлчлахдаа санал тавьсан. Мөн Казакстан улстай яриа хийсэн. Тэд түүхий нефть нийлүүлэхийг зөвшөөрсөн. Түүхий нефтээ авахын тулд ямар орнуудаар дамжуулан тээвэрлэх вэ гэдэг асуудал гарна. БНХАУ-аар дамжуулья гэтэл тус улсад ороход импортын, гарахад экспортын татвар авдаг. Ингэхээр үүнийг дотооддоо боловсруулаад гаргахад одоогийн үнээс өндөр өртөг гарна. Тиймээс аль нэг талын татвараа чөлөөлөөч гэсэн хүсэлт бид БНХАУ-ын талд тавьсан. Манай улс 2007 онд 600 мянган баррел нефть олборлосон. Гэвч одоохондоо дотоод нөөцдөө тулгуурлаж боловсруулах үйлдвэр байгуулах боломжгүй.

-2010 оноос албан ёсоор нефть олборлож эхлэх үед ийм боломж бүрдэх үү?
-Албан ёсоор олборлолт эхэлсний дараа боловсруулах үйлдвэрийн тодорхой хувийг дотоодын хүчээр хангах боломжтой. Гэхдээ үйлдвэрээ тогтмол ажиллуулахын тулд гадаадын найдвартай эх үүсвэртэй байх нь чухал.

-Нефть боловсруулах үйлдвэр хэдий хэмжээний өртгөөр босох бол?
-ҮХЯ энэ асуудлыг судалж байгаа. Эх үүсвэрээ олсны дараа эдийн засгийн тооцоогоо эцсийн байдлаар танилцуулна. Бид газрын тосны бүтээгдэхүүний салбарт 2015 он хүртэл төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулаад Засгийн газарт оруулсан байгаа. Удахгүй ҮАБЗ-өөр хэлэлцээд УИХ-д оруулна. Үйлдвэр байгуулах талаар түүнд тусгасан.

С.Уул
From:
http://news.gogo.mn/r/15690#goh_header_table

No comments: